Үйлдвэрлэл

"Говь" ХК нь түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг 9 үйлдвэртэй бөгөөд ноолууран бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэл явуулдаг дэлхийн таван том компаний нэг юм. Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг түүхий эд нь 14 дамжлага, 9 үйлдвэрт боловсруулагдаж хэрэглэгчдэд хүрдэг.

1. Ангилан ялгах

1981 онд анхан шатны үйлдвэрийн харъяа “Гар ялгах” цех нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуур, тэмээний ноосыг чанар, технологийн шаардлагын дагуу харах, мэдрэх эрхтний тусламжтайгаар байгалийн гэрэлд 20 шахам нэр төрлөөр ангилж байна . Нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь 20-30 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн, ур чадвартай ажилчид байдаг. Жилдээ 500-600 тн ноолуур, 100-150 тн тэмээний ноос, 20-30 тн сарлагийн хөөвөр ангилах хүчин чадалтай.

2. Угаах үйлдвэр

Цагт 350-450 кг ноос ноолуур угаах хүчин чадалтай Япон улсын Futaba компаний угаах машин нь технологийн дагуу ангилан ялгагдсан бохир түүхий эдийг хог, өтөг бууц, тослог, зунгаг зэргээс салгаж дараагийн дамжлагын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгодог. Угаах машин нь сэгсрэх, сэмлэх, угаах онгоц, туслах онгоц, шахах гол, хатаах хэсгээс бүрдэнэ. Угаалганд Англи, Япон улсад үйлдвэрлэсэн хүний биед хоргүй, байгальд орчинд хор нөлөөгүй угаалгын саван хэрэглэдэг.

3. Хялгас ялгах үйлдвэрлэл

Угаасан ноос, ноолуурын байгалийн хогт хольц, хялгасыг ялгаж самнасан ноос, ноолуур болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах зорилготой. Үйлдвэрлэлийн технологи нь орчны чийг, температурыг тодорхой түвшинд барих, холиогоо зөв оновчтой тохируулах, машин тоног төхөөрөмжийн тохиргоо, машин баригчийн ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг Япон улсын TORIGOE пүүсийн хялгас ялгах 27 машинаар жилд дунджаар 300-350 тн самнасан ноос, ноолуур гаргах хүчин чадалтай. Мөн самнасан ноос, ноолуурыг баглах цехэд баглаж экспортод гаргадаг.

4. Будах, холих үйлдвэр

Самнасан ноос ноолуурыг будах, цайруулах, бобинтой утас будах, ороох, хатаах, холих, ургамлын хогт хольцыг ноосноос цэвэрлэх технологийн долоон дамжлагаар үйлдвэрлэлээ явуулдаг. Жилдээ 3, 5 тн утас, 180-220 тн задгай ноос, ноолуур будаж цайруулах, 220-270 тн холио хийх хүчин чадалтай. 2008 онд техникийн шинэчлэлтээр Италийн "STALAM" фирмийн радио долгионоор хатаах машин суурилагдаж ширхэгтийг гэмтээхгүйгээр хатаадаг болсон. Мөн 2009 онд Италийн “LOREIS BELLINI” пүүсийн бүрэн автомат, компьютерийн удирдлагатай, будах, чихэх, сэгсрэх, сугалах тоног төхөрөмжөөр тоноглогдсоноор будах хүчин чадал 20% -иар, холих дамжлагад Италийн OMMI фирмийн 600-1000 кг холио хийх хүчин чадалтай бүрэн автомат машиныг суурилуулснаар үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн. 2010 онд Английн Манчестрын Их Сургуулийн доктор В.Шинэнэмэхтэй хамтран ноолууран ширхэгтийг гэмтээхгүй уян зөөлөн чанарыг хадгалан будах, цайруулах технологийн шинэчлэл сайжруулалтыг хийж экологид хор нөлөөгүй цайруулах технологийг нэвтрүүлсэн. Лабораторт гадаад дотоодын худалдан авагчдын хүссэн өнгийг АНУ-ын “DATACOLOR -600ТМ” аппаратаар гаргаж баталгаажуулан үйлдвэрлэдэг. Англи, Швейцарь улсын байгаль орчинд хор нөлөөгүй 36 төрлийн будаг, 32 төрлийн химийн бодис хэрэглэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 1000 гаруй өнгө гарган тогтоосон.

5. Ээрэх үйлдвэр

Ноос ноолуурын үйлдвэрүүдийн зүрхэн дамжлага нь ээрэх үйлдвэрлэл. Ээрмэл утас нь ээрэх үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн , сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд. Сүлжмэл болон нэхмэл бэлэн бүтээгдэхүүний чанар ээрмэл утасны чанараас шууд хамаардаг. Жилдээ 11-28 номерын 180-200 тн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн самнах, ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх зэрэг таван үндсэн дамжлагатай. Япон, Италийн "OCTIR” самнах машины нэг гогцоот ремешок шинээр сольсноор цувималын жигд бусын хэлбэлзэл 1,8% -д хүрч утасны чанар сайжирсан. “TORIGOE” самнах машины тэжээлт хаялтыг өөрчилж автомат компьютер удирдлагатай хяналтын төхөөрөмж шинээр суурилуулсанаар утасны жигд бус 24%-иар дээшилсэн. Италийн “GAUDINO” фирмийн дэвшилтэт автомат мэдрэгч бүхий компьютер удирдлагатай машин суурилуулсанаар Монгол анх удаа ноолууран утас ээрэх технологи дэлхийн түвшинд хүрсэн. Японы “MURATEC” фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат өндөр бүтээмжтэй ороох, эрчлэх машин шинээр суурилуулсанаар ноолууран ээрмэл утасны чанар эрс сайжирсан.

6. Сүлжих үйлдвэр

Сүлжмэлийн зориулалттай ээрмэл утсаар Япон, Итали улсын микропроцессорын удирдлага бүхий компьютер удирдлагатай бүрэн автомат сүлжих машинаар загвар дизайны өргөн сонголт бүхий сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг технологийн 20 гаруй дамжлагаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргах үндсэн чиглэлтэй ажилладаг. Сүлжих, оёх гэсэн хоёр хэсэгтэй. Сүлжих хэсэгт: ээрмэл утаснаас сүлжмэл деталь хүртэлх дамжлага, Оёх хэсэгт: сүлжмэл деталиас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх хүртэлх дамжлага багтдаг. Сүлжмэл бүтээгдэхүүнийг Япон улсад үйлдвэрлэгдсэн Shima-seiki сүлжих машин 102 ш, Герман улсын Stoll сүлжих машин 20ш, Тайвань улсын Dahu босоо ороолт сүлжих 1 машинуудаар үйлдвэрлэдэг. Эдгээр машин дээр хийгдэх ерөнхий ажиллагаа нь хэрэглэгчийн хүссэн загварын зураглалын дагуу программист инженер программчилж машинд уншуулснаар бүтээгдэхүүн сүлжигддэн гардаг. Оёх хэсэг нь Япон болон Итали улсад үйлдвэрлэгдсэн 98+ ширхэг кеттель машинтай. Жилдээ нийт 700000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

7. Говь нэхмэл, нарийн ээрэх үйлдвэр

Нэхэх цех нь анх 1981 онд нэхмэл хөнжил үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 1997 онд нарийн ээрэх, нэхэх, нэхэхийн гүйцэтгэн боловсруулах гэсэн үндсэн гурван үйлдвэрлэлээс Говь -2 үйлдвэр болон өргөжсөн. Нарийн ээрэхэд Италийн сүүлийн үеийн "SANT ANDREA" зүүт холих, зүүт самнах, сунгах машинууд, "SAVIO", автомат ажиллагаатай "GAUDINO" нарийн ээрэх, Японы Мурато фирмийн ороох, давхарлан ороох, эрчлэх зэрэг тоног төхөөрөмжөөр жилд 45-50 тн бөмбөгөн ноос, ноолуур, 16-18 тн 48 -80 номерын нарийн ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны нарийн ээрэх үйлдвэр болсон. Нэхэх үйлдвэртээ Германы "DORNIER" жаккард нэхэх, добби нэхэх машинууд, Финляндын гар нэхэх гурван машин, Францын STABLI суурь утас залгах автомат машин, Италийн агшаах, жигнэх машинуудыг шинээр суурилуулсанаар үйлдвэрлэлтийн хэмжээ 2,5 дахин нэмэгдсэн. Төрөл бүрийн жаккард хээтэй болон сүлжээтэй ороолт, хөнжил, драп, шааль зэрэг нийт 220000- 250000 уртааш метр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

8. Нэхэхийн  гүйцэтгэн боловсруулах үйлдвэр

Нэхмэлийн  гүйцэтгэн боловсруулах үйлдвэр нь нэхэх цехээс ирсэн түүхий  нэхмэл бүтээгдэхүүнд  эцсийн  хэрэглээний шинж чанарыг үүсгэн гүйцэтгэн боловсруулалт хийж, стандарт хангасан  бэлэн  бүтээгдэхүүн болгодог. Нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр, гар нэхмэлийн цех гэсэн 2 үндсэн хэсэгтэй 1,5 ээлжээр  ажилладаг  40 хүний бүрэлдхүүнтэй хамт олон. Япон, Итали, Герман, Хятад , Финланд ,Швед улсад үйлдвэрлэсэн  22 төрлийн  машин тоног төхөөрөмжтэй. Сард  12000-15000м  нэхмэл, жилдээ  140 000- 180 000 м нэхмэлд гүйцэтгэн боловсруулалт хийх хүчин  чадалтай

9. Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр

Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах цех, Принт цех, Пиллингийн лаборатори гэсэн гурван нэгжтэй. Бүтээгдэхүүний боловсруулалтын эцсийн дамжлага тул ажилчдаас ихээхэн ур чадвар, хариуцлага шаарддаг онцгой дамжлага. Тус цехэд угаах , хатаах, сэгсрэх машин, пресс индүү нийт 23 машин тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг ба жилдээ 700 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүнд боловсруулалт хийх хүчин чадалтай. Техникийн шинэчлэлээр Швед улсын "ELECTROLUX" маркийн угаах, хатаах машин, Английн SDLATLAS фирмийн лабораторийн пиллингийн шинжилгээний аппарат, Хятадын "KELIER" компаний хуурай хими цэвэрлэгээний машинуудыг суурилуулан бүтээмжээ нэмэгдүүлж, боловсруулалтын чанараа дээшлүүлсэн. 2010 онд Японы "SHIMA SEIKI" компаний ноолууран бүтээгдэхүүн дээр дүрс буулгах аргыг Монголд анх удаа нэвтрүүлэн зах зээлд төрөл бүрийн принттэй нэхмэл, сүлжмэл бүтээгдхүүнийг гаргаж хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.

10. Говь салон

1995 онд зөөлөн оёдлын цех анх байгуулагдсан. Зөөлөн оёдол, оёмол хөнжил, хими цэвэрлэгээ, нөхөн засварын үйлчилгээ үзүүлдэг гурван цехтэй. 100% ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драпаар эрэгтэй эмэгтэй пальто, пиджак костюм, юбка жилет, платье, Монгол үндэсний дээл хантааз, хүрэм, тэмээний ба ямааны ноос, ноолууран хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн майк, нуруувч, өвдгөвч, бойтог, цамц, нөмрөг гэх мэт бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд тухайн хэрэглэгчийн хүссэн өнгө, загвар, дизайнаар хийж үйлчилдэг. Жилдээ 15000 орчим ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

11. Чанар стандарт баталгаажуулалтын хэлтэс

Чанар – “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа “ Дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэгч болсон хамт олны гол үзүүлэлт нь бүтээгдэхүүнийх нь чанар байдаг. Чанар стандарт баталгаажуулалтын хэлтэс нь хяналтын инженерүүд, лаборант чанар шалгагчид, бэлэн бүтээгдэхүүний шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүх төрлийн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд чанарын давхар хяналт хийж чанарыг стандарт, норматив техникийн баримт бичигт заасан хэмжээнд хүргэх, лабораторийн шинжилгээний үнэний магадлалд хяналт тавин MNS ISO / IES 17025 :2007 стандартыг хэрэгжүүлэхэд анхааран ажилладаг. "Говь" ХК нь 1995 онд Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын ISO -9001 чанарын стандартыг нэвтрүүлж, итгэмжлэгдсэн лабораторийн эрх авсан бөгөөд 2008 онд ISO / IES 17025 стандартын дагуу дахин итгэмжлэгдсэн.

Чанартай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлж, дэлхийн хэрэглэгчдэд монгол ноолуурын үнэт чанарыг таниулснаараа дараах олон улсын шагналуудаар удаа дараалан шагнагдсан.

  • Дэлхийн нэр хүндтэй байгууллагаас 1994, 1997, 1998 онуудад бүтээгдэхүүний чанар нь дэлхийн түвшинд хүрсэнийг гэрчлэх “ Global Quality Management“ алтан цомоор
  • 1997, 1999 онуудад “ Тэргүүний Худалдаачдын Клуб байгууллагаас “ Чанарын төлөө цом” –оор 3 удаа
  • 2003 онд Швейцарь улсын Женев хотноо Олон улсын Чанарын байгууллагаас “Чанарын бизнесийн Нэр Хүнд” Алтан Европ цомоор тус тус шагнагдсан.