ГОВЬ ХК-ИЙН “БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО”

Зорилго

Говь ХК нь улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, байгаль орчин нийгэмд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг баялгийг бүтээгч байна.

Бидний оролцоо

1.    Хүний эрхийг дээдэлж, хууль дүрмийг чандлан сахиулах, хэн бүхэнд эрх тэгш, шударгаар хандах

2.    Ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн халамж, тусламжийг үзүүлэх

3.    Боловсролын салбарт хамтран ажиллах

4.    Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах

5.    Малчид болон бэлтгэн нийлүүлэгчидээ дэмжин ажиллах

6.    Үндсэн баялаг болох ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, тэдгээрийг тасралтгүй сургаж хөгжүүлэх

1.    Ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн халамж, тусламжийг үзүүлэх:

ü  Үйлдвэрийнхээ хүчин чадлыг өсгөн шинээр ажлын байрыг бий болгож Монгол Улсын иргэн бүр ажилтай орлоготой байх гэдэг үзэл бодлыг баримтлан ажилгүй иргэдийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дадлагажуулан сургаж ажилтай орлоготой болоход нь тусалж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллана.

ü  Зорилтод бүлгийн хүүхдийн цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагааг бий болгож, тэдгээрт шаардлагатай туслалцааг урт хугацаанд үзүүлэн дэмжиж ажиллана.

2.    Боловсролын салбарт хамтран ажиллах:

ü  Салбарын мэргэжил сургалтын төв коллеж, их дээд сургуулиудыг дэмжин сургалтын танхимуудыг тохижуулах, хөрөнгө оруулалт хийх, ирээдүйд боловсролтой, чадварлаг, боловсон хүчин бэлдэхэд компани дээр дадлага хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах

ü  21 аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллах, аймгийн ноос ноолуурын чиглэлээр сурч байгаа оюутнуудыг үйлдвэр дээр дадлагажуулах /хоол, байраар хангах, цалинтай дадлага хийлгэх/

3.    Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах:

Бид үйл ажиллагаандаа Олон улсын Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO:14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллана. Үүнд:

ü  Байгаль орчинд ээлтэй технологи бүхий үйлдвэрлэл явуулах

ü  Байгалийн хязгаарлагдмал нөөцийн зүй зохистой хэрэглээг бий болгох

ü  Байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, ажилтан ажиллагсдын дунд байгаль орчинд тулгамдаад буй асуудлуудын талаар зөв ойлголт өгөх. Улмаар байгаль орчинд хандах зөв хандлага, ухамсартай хэрэглээ дадлыг төлөвшүүлнэ.

ü  Хог, хаягдлыг менежментийг сайжруулан, ангилан ялгаж төрөлжүүлэн дахин боловсруулалтад өгөх

4.    Малчдыг дэмжих үйл ажиллагааг явуулах

ü  Мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах

ü  Малчдын аж ахуй, эрүүл ахуйд шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэх

5.    Хөдөлмөрийн аюулгүй байдал: 

“Говь” ХК нь Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO:45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аюулгүй ажиллагаагаар Монгол улсын хэмжээний жишиг компани болж, шинэ санаа, санаачлага, сайн туршлагыг дэмжин үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах бодлого баримтална.   

ü  Хүний хөгжил: Компанийн нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр баримтлах бодлого, үзэл санаа нь нэгдмэл байх ёстой. Иймээс Бид нэн түрүүнд ажилчид хамт олныхоо хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг тасралтгүй сайжруулах зарчмаар ХАБЭА-н “ЗӨВ СОЁЛ”-ыг төлөвшүүлнэ.  

ü  Манлайлал: Бид Удирдлагын манлайлал, дэмжлэг, үлгэр жишээч байдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэнд, Байгаль орчны хэрэгжилтийн чанарт шууд нөлөөлдөг гэж үздэг. Иймээс ажилтнуудаас гарч буй хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах шинэ санал, санаачлагыг дэмжих, ажилчид өөрсдөө манлайлан оролцдог, ажилтныг урамшуулдаг, үл буруутгах хандлагыг баримталснаар компанийн ХАБЭА-н талаарх “ЗӨВ ХАНДЛАГА”-ыг төлөвшүүлнэ. 

ü  Эрсдэлийг бүрэн хянах: Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөлтийн үе шатнаасаа эрсдлийг бүрэн хянах зарчим баримтална. Өнөөгийн технологийн эрин зуунд “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх” үндсэн шалгуурыг үйлдвэрлэлийн бүхий шатандаа нэвтрүүлэхийг зорино. Үйлдвэрлэлийн дамжлага, үе шатанд учирч болох аливаа эрсдэлийг бүрэн арилгах, хамгийн бага түвшинд байлгахад чиглэсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ.  Ингэснээр бид “ОСОЛ-0” байх үндсэн зорилтоо хэрэгжүүлнэ.

ü  Ажилтанг тасралтгүй сургаж хөгжүүлэх: Бид ажилтанд сурч хөгжих орчинг цаг ямагт бүрдүүлж, шинэ арга барил чадвар эзэмшихийг идэвхтэй дэмжих, техник технологийн хурдацтай өөрчлөлтөд зохицоход сургалтаар чадваржуулах

Эрүүл мэнд: Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, хэвээр хадгалах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ажлын байрны орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтална. 

 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД:

“Говь” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, урлаг спорт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, аялал жуулчлал гээд эх орны амин чухал салбаруудын үйл ажиллагааг ивээн тэтгэж, харьяа байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн билээ.

2012 он
Цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш нарыг “Говь” брэндийн бүтээгдэхүүнээр шагнан урамшуулж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүссэн.
Зураач Ё.Далх-Очирын зургуудыг принттэй шаалин дээр буулгаж, уран зургийн үзэсгэлэнд оролцож, зураачдыг дэмжин ажиллав.
“London Olympic Games 2012″-нд эх орноо төлөөлөн оролцох жүдо бөхийн 15 тамирчинд хувцас бэлэглэж, Лондонгийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугийг мандуулахын ерөөлөө.
“Чингис хаан-2012″ дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг ивээн тэтгэсэн.
Ахмадын баярын тохиолдуулан Барилгын цэргийн 073-р ангийн ахмадуудад сүлжмэл ноолууран ороолт бэлэглэв.
Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Дулаан Ирээдүй” хүүхдийг дэмжих аян зохион байгуулж, хүүхдүүдэд “Говь”-ийн хөнгөн, дулаан ноолууран хувцас бэлэглэсэн.
2013 он
Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулсан “Найруулга” цохивор хөгжмийн тоглолтыг ивээн тэтгэв.
Малайз Улсын нийслэл Куала-Лумпур хотноо 2013 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан MALAYSIAN OPEN, PDC SOUTH ASIA QUALIFIER IN MALAYSIA тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцсон 8 тамирчныг “Говь” ХК ноолууран хувцас хэрэглэлээр ивээн тэтгэлээ.
Ард түмний соён гэгээрүүлэх үүрэгтэй театр урлагийг дэмжин ажилладгийнхаа хувьд UBS телевизийн То be or Not to be театрчилсан шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан.
2014 он
Winter Festival-2014 Улаанбаатарын өвлийн наадмыг ивээн тэтгэв.
“Говь” ХК “Сочи-2014” Өвлийн Паралимпийн XI наадамд оролцох баг бүрэлдэхүүнийг ивээн тэтгэлээ.
2014 онд “Улаан пальто”, “Ээжээ надтай гэрлээч”, “Луйвар” зэрэг дэлгэцийн шинэ бүтээлүүдийг ивээн тэтгэж хамтран ажилласан.
2014 оны 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд БНСУ-ийн Инчеон хотноо зохион байгуулагдсан Пара Азийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож 11 медаль хүртсэн тамирчдадаа гарын бэлэг гардуулсан.
UBS телевизийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн ивээн тэтгэгчээр “Говь” ХК хамтран ажилласан нь бидний ирээдүй болсон залуусын боловсрол төлөвшилд ихээхэн хувь нэмэр болж буй хэрэг юм.
УДЭТ-ын найруулан тавьж буй “Үнсгэлжин” бүжгийг 80.0 сая төгрөгөөр ивээн тэтгэж хүүхэд залуусын урлагийн боловсролыг дэмжсэн.
Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярт зориулан зохион байгуулагдсан “Агула” жааз хөгжмийн тоглолтонд “Говь” ХК 100% ноолууран шаалиар бэлэг барилаа.
Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейптаун хотноо 7-р сарын 3-наас 13-ны хооронд зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаа манай компани технологийн дэвшил шингэсэн зуны ноолууран бүтээгдэхүүнээр ивээн тэтгэсэн. Тэмцээнд оролцсон 6 сурагч бидний болон нийт Монголын ард түмний итгэлийг алдалгүй амжилттай оролцож 5хүрэл медаль, 1 шагналт байрны эзэд болсон юм.
Холливудын “Нэтфликс” компанийн Монголын их хаадын тухай өгүүлэх “Марко Поло” олон ангит киноны Аригбөхийн дүрийг бүтээж холливудад анх хөл тавьж буй СТА жүжигчин Б.Амарсайханыг манай компани дэмжин ажиллаж 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан киноны нээлтийн үеэр өмссөн ёс бэлгэдэл төгөлдөр жинхэнэ Монгол гоёл 100% ноолууран хос дээлийг урлаж өгсөн юм.
2015 он
2015 оны 8-р    сарын 11-16-ны өдрүүдэд Бразилийн  Сан Паулу хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол залуус анх удаа оролцсон бөгөөд “Говь” ХК тэмцээний нээлт, хаалт болон бусад үйл ажиллагаанд өмсөх 100% ноолууран гоёлыг залууст гардуулсан.
Гандантэгчилэн хийдийн их хамба ламын эрхлэн гаргаж буй “Тэргүүн хамбын айлдвар” номын хэвлэлтийн ажилд компаниас нийт 10 сая төгрөг хандивлав.
Эх дэлхийн Мисс 2015 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Баярцэцэгийг ёслолын болон үндэсний хувцсаар ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарч, 3 алт, 1 хүрэл медаль, шилдэг илтгэлээр шалгарсан.
2015 оны 10-р сард Монголын залуучуудын холбооны “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон голын үерт амь насаа алдсан Н.Саранчимэг эмэгтэйн   өнчирч хоцорсон хүүхдүүд болох 8 настай У.Ууганбаяр, 6 настай У.Батсүх нарт иж бүрэн дулаан хувцас бэлэглэсэн.
2015 оны хавар зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 40 айлд оёмол ноолууран хөнжил   бэлэглэсэн.
2015 оны 10-р сард Хүүхэд асрах “Эрдэм” төвийн 22 бяцхан хүүхдэд дулаан өвөлжих хөнжил бэлэглэсэн.
Монголын Дауны холбооны бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож, ноолууран бүтээгдэхүүнээ гардуулсан.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажилчдынхаа хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролд анхааран эцэг, эхчүүдийн цуврал сургалтыг зохион байгуулж байна.
Хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулдаг 2015 оны Менежментийн улсын 7-р олимпиадад тэргүүлсэн оюутнуудад өөрийн бүтээгдэхүүний дээжээс  бэлэглэсэн.
Салбарын хөгжилд хувь нэмэр болгож дадлагажуулж сургасан оюутны тоо 159, ажилд орсон тоо 27
Үндэсний өгөх өдөртэй холбогдуулан компанидаа дэм дэмэндээ аяныг зохион байгуулан олон жил үр бүтээлтэй ажилласан 3 ажилтны өвчтэй хүүхдийн эмчилгээний төлбөрт хандив өргөсөн.
2016 он
Монгол улс анх удаа сүлжмэлийн програмист бэлдэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнд хувь нэмрээ оруулж ШУТИС, ҮТД сургуульд APEX маркийн тусгай зориулалтын компьютерыг авч өгсөн.
Монголын сонсголгүй иргэдийн ТББ-тай хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдийг дэмжих ажлын хүрээнд тус байгууллагын иргэдэд ажлын байр санал болгон ажиллуулсан. 
Монгол Солонгосын Политехникийн Коллежийн 100 гаруй оюутнуудыг урт хугацааны үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, 25 оюутан сурагчдыг ажлын байраар хангасан.
2017 оны 1 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг нийт ажилтнуудын дунд зохион байгуулан донорын цусны хандив өгсөн. 
НҮБ-ийн хүүхдийн хөгжлийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажилчдынхаа хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт, боловсролд анхааран 0-5 насны хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, бойжилтын сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 80 гаруй ажилтнууд хамрагдсан.
Гандантэгчинлэн хийдийн 2016 оны 10 сарын 29-ний өдрийн намрын адаг сарын их дүйцсэн ном хурах өдрийг ивээн тэтгэсэн.
Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар гуйн тайлан тоглолт, Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн тайлан тоглолт зэргийн ивээн тэтгэгчээр оролцсон.
2017 он
Жил бүрийн хаврын улиралд түүхий эд татан авах ажлаар компанийн ажилчид хөдөө орон нутгийг зорин малчидтай уулздаг бөгөөд компанийн зүгээс түүхий эд татан авалтын ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон нийт ажилтнуудын дунд “Хэн хамгийн их бог малын нэмнээ хандивлах вэ” уралдааныг зарладаг. 2017 оны хувьд нийт 120 ажилтнаас 614 ширхэг нэмнээ цугларсныг түүхий эд бэлтгэлийн үеэрээ малчдад хандивлав.
Манай компани Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын өдөрлөг”ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. 2017 онд нийт 109 ажилтан 12 литр цус хандивласан ба 9 хүний эрдэнэт амийг аварсан билээ.
Хүүхэд бүхэн баярлаж, инээд хөөрөөр дүүрэн байх эрхтэй “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр дээр нь баяр нэмэхийн төлөө Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзан, 100 хүүхдэд гарын бэлэг хүргүүлэв.
Монгол улсын хэмжээнд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болон хэт хуурайшилтаас шалтгаалан гарсан их хэмжээний ой хээрийн түймэртэй тэмцэж, галын голомтод цаг наргүй ажиллаж буй ОБЕГын ажилчдад компанийн зүгээс 100 ширхэг аяны хөнжил хандивласан. Мөн Говь ХК дээр гарсан галын ослын үед бүх хүчээ дайчлан, түргэн шуурхай ажилласанд нь талархан компанийн зүгээс 16 сая төгрөгийг хандивлав.
Манай компани ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежтэй хамтран ажилладан тусгай дунд боловсрол эзэмшиж байгаа оюутнуудыг дэмжин ажилладаг бөгөөд урт болон богино хугацааны дадлага хийлгэн дадлагын ажлаа сайн хийж гүйцэтгэсэн оюутнуудыг урилгаар ажиллуулдаг билээ. 2017 онд нийт 87 оюутан богино хугацааны дадлага, 50 оюутан урт хугацааны дадлага хийсэн бөгөөд үүнээс 26 оюутанд Говь ХК-нд ажиллах урилга өгсөн билээ. Урилга авсан оюутнуудаас одоогийн байдлаар 17 оюутан ажиллаж байна.
2018 он
Говь ХК-ийн нийгмийн хариуцлагын бодлогыг шинэчлэн боловсруулж, борлуулагдсан ноолууран пальто болон пиджак бүрээс 1,000 төгрөгийг хуримтлуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулахаар боллоо.
Компанийн үнэ цэнэтэй баялаг болсон ажилтнуудынхаа өсч хөгжих, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 2018 оны эхний хагас жилд Итали, Япон, Унгар, Герман гэсэн улсуудад 22 ажилтныг урт болон богино хугацааны 6 төрлийн сургалтад хамруулан ажилтнуудынхаа хувь хүний өсөлт болон карьер хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулав.
Үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөн 276 хүнийг ажлын байраар хангаж, нийт 2,005 ажилтантай болов. Түүнчлэн алслагдмал дүүрэг, захын хорооллын ажилгүй эмэгтэйчүүдийг цалинтай дадлагажуулан ажиллуулах болон амьдрах байраар хангаж байна.
Боловсролын салбартай хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын цалинтай болон цалингүй дадлагыг үйлдвэрийн байрандаа хийлгэх нөхцөлөөр ханган, мэргэжлийн сургалтын төв, коллеж, коосэн, их сургуулиудтай хамтран ажиллаж байна. 1-р хагас жилд 103 оюутныг үйлдвэр дээрээ дадлагажуулж, 11 оюутныг цалинтай дадлага хийлгэн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэв.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын нэр хүндийг өсгөх, салбарын ажил олгогч байгууллагуудын нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүлжмэл бүтээгдэхүүний оѐдолчны чиглэлээр суралцах суралцагчдын тоог нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах, чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, урам зориг өгөх зорилгоор Сүлжмэл бүтээгдэхүүний улсын аварга Оѐдолчин шалгаруулах II уралдааныг ивээн тэтгэж, Монголын Ноос Ноолуурын Холбоо болон Монгол Солонгос Политехникийн Коллежтэй хамтран үйлдвэр дээрээ амжилттай зохион байгуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын хүүхдүүдэд Олон Улсын Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан бэлэг тараав.  Цаашид тус цэцэрлэг яслийн анги танхимын тохижилт, засварын ажлууд болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллана.
Explore Tory's Story